Я.Санжмятав: Тоглоом тоотой нь дээр шүү
2018/11/22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг уншиж танилцууллаа. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын даргад "Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдах батлагдсан тогтоомжинд бүхэлд нь хориг тавьсан. Холбогдох байнгын хороогоор хэлэлцээд эдийн засаг, нийгмийн асуудлын талаар хөндөж байна. Уул уурхайгаас хараат, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах Аж үйлдвэрийн комбинат байгуулах төсвийг байгуулах шаардлагатай. Иймд ирэх оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгааг дурдахын зэрэгцээ, аж үйлдвэрийн комбинат байгуулах төсвийг бусад зардлыг танаж гаргах боломж байгаа" гэсэн албан бичгийг дагалдуулжээ.   

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Хуульзүйн байнгын хороо хэлэлцээд хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин өнөөдрийн ирүүлсэн албан бичгийг дахин хэлэлцэх шаардлага гарна" гэлээ. Төсвийн байнгын хорооны  гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: 

-Монгол Улсын Ерөнхийлөгч төрийг гацаанаас гаргахын тулд буулт хийж байгаа байх. Хориг тавьсан асуудлыг уян хатан байдлаар шийдэх боломжтой гэсэн бичиг ирүүлсэн байна. Гэхдээ энэ чинь асуудал улам хүндэрнэ. Тоглоом тоотой нь дээр шүү. Нэг хэсэг 27 хүн нь Засгаа огцруулна гээд, нэг хэсэг нь УИХ-ын даргаа огцруулна гээд, нэг хэсэг нь УИХ-ыг тараана гээд. Ард түмэн бидэнд итгэж сонгосон. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ярилцаж бодлогоо гаргах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх үү, албан бичгийг хэлэлцэх үү гэдэг ойлгомжгүй асуудал үүслээ. Тавьсан хоригоо татаж аваад дахин оруулж ирэх хэрэгтэй. Төсвөө баталж чадахгүй бол ирэх оны нэг сарын нэгнээс төрийн албан хаагчид, ахмадууд цалин, тэтгэврээ авч чадахгүй, төрийн албаны үйл ажиллагаа тасалдана. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Би мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулахыг би дэмжээд байгаа. Гэхдээ Засгийн газар 2019 оны улсын төсвийг өргөн барьсан. Яагаад төсөв өргөн барьсан Ерөнхий сайд, Сангийн сайд орж ирэхгүй байна вэ. Сайдыг нь томилоод өгье гэхээд Ерөнхий сайд нь орж ирэхгүй, ард түмний амьдралын амин чухал асуудал ярихаар Сангийн сайд нь орж ирэхгүй. Кабинетын сайдаа дууд гэсний төлөө сайд нар нь уурлаад байх юм. Энэ чухал асуудлыг хэлэлцэж байхад 42 гишүүн хариуцлагатай сууж байна. УИХ-ын даргыг огцруулахыг мэдэгдлээ гэж чуулганы үүдэнд хэдэн гишүүн мэдээлэл хийлээ гэж хэвлэлээр мэдээлээд байсан. Энэ бичигт УИХ-ын даргыг огцруулах биш Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан зөрчил үүсгэлээ гээд бичгийг тэд гаргасан байна. Засгийн газрыг өмөөрч мэдээлэл хийсэн байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404