Хүний бяцхан үрийг зэрлэгээр хороочихсон араатнуудын хэргийг яагаад шийдэхгүй байна вэ
2018/11/21

13 настай бяцхан охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн бүлэг этгээдийг шүүх хурал хойшилсоор байна. Хэрэг гарснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч энэ хэрэг шийдэгдэхгүй сунжирсаар байгаа. Хүний эрхийн төлөөх ТББ-ууд, иргэдийн төлөөлөл нэгдэж дуугараад ч хүч хүрэхгүй байна. Хүний ёсноос гажууд авирлан хүний бяцхан үрийг ээж ааваас нь хагацаасан тэдгээр араатнуудыг шүүх хуралд өмгөөлөөд зогсож байх өмгөөлөгч ч байх гэж дээ гэж зэвүүцэл төрөх. Үхтэл үр харам,үрээ цаг бусаар зэрлэгээр хороолгосон эцэг эх эмээ өвөөгийн сэтгэлийн зовлонг бид төсөөлшгүй. 

Талийгаач охины эмээ  “Миний охины хэрэг маш их хугацаа алдаж байна. Мөн шүүх эмнэлгийн хариу худлаа гарсан. Шүдгүй байсан хэрнээ дараагийн хариу нь шүдтэй болоод гараад ирсэн байдаг. Энэхүү хэрэг бас анхнаасаа их буруу шалгагдсан. Хэргийн газраас Д.Жавхлан гэх этгээд оргон зайлсан байсан. Мөн тэдгээр этгээдүүдийг гадуур батлан даалтад шалгагдаж байсан. Энэ нь хэргийг нуун далдлах бүх боломжийг олгосон. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу буруу гарсан. Гуравдагч этгээд байсан талаар цагдаагаас мэдээлсэн хэрнээ хоёр болоод шалгаад явсан. Энэ хэргийг хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оноох нь зүйтэй. Нэгэнт миний охин босч ирэхгүй болохоор хэргийг нь үнэн зөвөөр шидүүлнэ" гэсэн байдаг.

Талийгаач охины ээж С.Баясгалан “Охин минь даруу төлөв, ээж аавынхаа үгнээс гардаггүй хүүхэд байсан юм шүү дээ. Ийм сайхан үрээ хүн дүрст араатны гарт алдсан гэхээр үнэхээр харамсалтай байна. Хэргийн газраас сэжигтний зураг олдож, хэрэгтнүүд амархан баригдсан ч энэ хэрэг маш олон удаа буцаагдаж байна. Охиныг минь хүн танихгүй болтол зодож, аминд нь хүрсэн балмад этгээдүүдэд Монгол Улсад мөрдөж буй хууль дүрмийн дагуу ялын дээд хэмжээ оноох ёстой. Охины минь нүүрний нэг тал чихэгдчихсэн байсан. Яллагдагчийн өмгөөлөгч, талийгаач охиныг минь биеэ үнэлэгч, архичин байснаар ярьж байна. Бусдын нялх үр амиа алдчихаад байхад нэр хүндэд нь ингэж халдаж болохгүй. Яагаад ийм цэвдэг байгаа юм бэ. Би маш их гомдолтой байна. Бид нар үнэн зөв хариуг хүлээсээр байна. Хүйтэн цэвдэг сэтгэлтэй алуурчдад хуулийн дээд хэмжээг оноогоосой гэж найддаг” гэжээ.

Харин шүүгдэгч М.Амарболдын өмгөөлөгч С.Оюунцэцэг "Хүний амь нас хохирч, үр хүүхэд нь өнгөрсөнд адилхан эх, эмээ хүний хувьд харамсч байдаг. Гэхдээ би өмгөөлөгч хүнийхээ хувьд л өмгөөлж байгаа. Би биш ч хэн ч байсан өмгөөлөх л байсан. Намайг М.Амарболдыг өмгөөллөө гээд их буруутгаж элдвээр хэлж байгаа. Энэ бол өмгөөлөгч хүний үүрэг. Энэ хэргийн талаар би нэг ч удаа ам нээж ярилцлага өгч байгаагүй. Талийгаач охин М.Амарболдын араас дагаж, явсан газрынх нь араас орж, М.Амарболд яв гээд түлхэж байгаа бичлэг байсан. Бичлэгээс харахад М.Амарболдод хайртай болоод уулзах гээд дагаж байна уу гэж харагдаж байсан. Талийгаач охиныг хүн танигдахын аргагүй их зодуулж нас барсан гэсэн мэтээр ойлгуулж байна. Энэ бол худлаа архины хордлогын үед цэгэн толбо үүсдэг юм билээ. Хамгийн гол нь үхлийн шалтгаан нь хүчиндсэнээс болсон уу, архины хордлогоос болсон уу гэдгийг шүүх эцэслэн шийдвэрлэнэ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Талийгаач охины өмгөөлөгч Р.Булгамаа "Шүүгдэгч нар талийгаач охиныг анхнаас нь буруутгасан. Нийгэмд гэм буруутай этгээдүүд хохирогчийг буруутгадаг. Архичин, биеэ үнэлэгч байсан, хүмүүжил төлөвшилгүй гэх мэтээр ханддаг. Яг л энэ байдал ажиглагдаж байна. Сэжигтнүүд өөрсдийгөө өмгөөлж, өөрөө уусан, нэг мэдсэн бие нь хөшсөн байсан мэтээр ярьж байна. Хамгийн эмгэнэлтэй нь охиныг хүчиндсэн, зүй бусаар бэлгийн харьцаанд орсон, шулуун гэдсэнд гэмтэл учруулсан, ихээхэн хэмжээний цус алдаж, буудлын цагаан хэрэгсэл маш их хэмжээний цусанд будагдсан байхад мэдэхгүй л гэж хариулж байна" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404