13 настай охиныг хөнөөсөн хэрэгтнүүдимйг шүүх хурал хойшлогдлоо
2018/11/21

"Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал өнөөдөр БЗД, Чингэлтэй, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч энэ сарын 23-ныг хүртэл хойшиллоо. Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гэдэг хүсэлтээ илэрхийлжээ. Бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг баасан гариг хүртэл хойшлууллаа. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. 

Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Т.Лхагвасүрэн (талийгаач охины аав), С.Баясгалан (талийгаач охины ээж), Иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцох байв. 

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо. 

Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх аж. 

10.1-Хүнийг алах

2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 

2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

Өнөөдрийн шүүх хуралд Монголын эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөл хэргийг үнэн зөв шийдвэрлэхийг хүсч, тайван жагсаал хийхээр болоод буй. Тэд “Сүүлийн шүүх хурлын дараа хэвлэл мэдээллийн  хэрэгслээр 13 настай охиныг биеэ үнэлэгч байсан мэтээр нэр төрд нь халдаж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй бусармаг зүйл. Монгол улсын үндсэн хуулиар заасан амьд явах эрхийн төлөө болон тэр тусмаа 13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлэх, ялаас мултрах байдал бий болгох нь нийгэмд шударга ёсны үнэлэмжид муу нөлөөтэй учраас үүнийг зориуд анхааралдаа авах зүйтэй гэж үзэж байна” гэсэн юм.

Дашрамд хэлэхэд,  хүний ёсноос гажууд, аймшигт хэрэг үйлдэгдсэн “Очир” төвийн зочид буудлыг насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн, хүн амины ноцтой хэрэг гарахыг мэдээгүй өнгөрөөсөн хэрэгт татагдан шалгагдаж байсан ч эцэстээ 200 мянган төгрөгөөр торгоод л өнгөрсөн байдаг. “Очир” төв тухайн үедээ хаягаа авчихсан хэрнээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж, бүр доод давхартаа баар, цэнгээний газар нээн ажиллаж байсан билээ. Харин тэр зочид буудлыг бүр мөсөн хаах ёстой гэх үүрэг даалгаврыг МУ-ын ерөнхийлөгч холбогдох хүмүүст даалгаж үйл ажиллагаа нь зогслоо, бүр мөсөн хаагдлаа гэж ойлгож байсан. Гэтэл хэсэгтээ чимээгүй байсан “Очир” төв нэрээ өөрчлөн дахин үйл ажиллагаа явуулсаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404