76 тэрбумаар гишүүд юу хийх вэ?
2018/06/13

Манай улсын хэтэвчийг зузааруулдаг гол метал зэсийн ханш 6800-7100 ам.долларт хэлбэлзэж, тогтворгүй байгаа энэ өдрүүдэд УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Өнгөрсөн жил УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулахаар 500 сая төгрөг төсөвлөсөн бол энэ жил нэг тэрбумыг зарцуулах санал гарсан. Ингэхдээ гишүүн тус бүрийн нэр дээр бус зарцуулах салбарын сайдын багцад тусгахаар болсон. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг "УИХ-ын гишүүд хууль батлах гэж сонгогдсоноос биш зам тавих гэж ажиллаагүй. Зам тавих, барилга барихыг ИТХ, ЗДТГ гэсэн шат шатны байгууллага нь хийх ёстой. Зарчмын хувьд гишүүдэд мөнгө өгөх нь буруу" гэсэн юм. Харин гишүүд үүнийгээ юунд зарцуулахаар саналаа өгснийг заримаас нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Надад зургаан тэрбумын хөрөнгө оруулалтын санал ирсэн

-Таван хорооны гудамжны гэрэлтүүлэг, 10 гаруй байрны дээврийн болон Эрхүүгийн гудамж, Санзай руу явах замын засвар байсан. Манай дүүргийн ИТХ-аас зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал ирүүлсэн юм. Үүнээс яаралтай хийх ажлуудад эхний ээлжинд хөрөнгө оруулалт хийж байгаа.
 
 УИХ-ын гишүүн Л.Болд: Хан-Уул дүүрэгт агро парк, үйлчилгээний төв барина

-Хан-Уул дүүрэгт агро парк, үйлдвэр үилчилгээний төв байгуулах саналаа өгсөн. Баригдсанаар ажлын байр бий болж, иргэдийн амьжиргаа дээшилнэ. Зураг төсөл нь гарсан. Нийслэлийн төсөвт орсон. Төсвийн тодотголын дараа хэрэгжих эсэх нь тодорхой болно.
 
 УИХ-ын гишүүн З.Энхболд:Өвөрхангайн Уянга сумын сургуулийг засъя
-Өвөрхангай аймгийн Уянга сумын сургуулийн завсарт, бас Хужиртад дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Нэг тэрбумаас дээш хөрөнгө оруулалтыг сайдын багцад оруулж, 100 сая төгрөгөөс дээшихийг аймпшн Засаг дарга, таван саяас дээшхи хөрөнгө оруулалтыг сумын Засаг даргын төсвөөс гаргаж байгаа.
 
 УИХ-ын гишүүн З.Алтай: Хүүхдийн эмнэлэгт 400 саяыг зарцуулна даа
 -Хүүхдийн эмнэлэгт 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. "Сансар" үйлчилгээний орчны тохижилтод 100 гаруй саяыг гаргана. Баянзүрх дүүргийн XXV хороо, Налайхын тохижилтод нэлээд хэдэн төгрөг гаргахаар болсон. Ядуу зүдүү хүмүүст гэр олгоход 30-40 сая нь явна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404