Монголын миссийн бэлэг дурсгал Эзэн Чингисийн “Алтан гэрэгэ” шилдгээр шалгарчээ
2018/11/20
“Дэлхийн мисс-2018” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа БНХАУ-ын Саньяа хотыг зорихдоо гар тээшиндээ нандигнан авч явсан нэг зүйл нь Чингис хааны “Алтан Гэрэгэ”дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл байсан юм. Эл нандин бэлэг дэлхийн энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцохоор газар газраас ирсэн 120 гаруй гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болжээ. 
Ийнхүү шалгарсан нь манай мисс Энхриймаагийн оноонд нэмэр болох үзүүлэлт бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин ядуус, өвчин зовлонтой хүмүүст тусалж хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна. 
Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэ уралдааны үеэр оролцогч бүсгүйчүүд жил бүр улс орныхоо бэлгэдлийг агуулсан ямар нэгэн бэлэг дурсгалын зүйл авчирдаг уламжлалтай. Энэ ёсоор Их Эзэн Чингис хаан монгол төрийн алтан аргамжийг бататгах үйлсэд чин шударгаар хүчин зүтгэхийг даалган элч, төлөөлөгчиддөө соёрхож байсан эрхэмсэг бөгөөд ёсорхог баталгаа тэмдэг "Алтан гэрэгэ"-г ийнхүү авч явсан юм.
Монголчуудын маань төрт ёс, дипломат албаны нандин уламжлалыг шингээсэн, “Жуух бичиг”, “Баталгаа”, “Гэрчлэх тэмдэг” гэсэн утга бүхий энэхүү гэрэгэг Хас Гоёл ХХК-д урлан бүтээхдээ 999 буюу 24 каратын сорьц бүхий 480 грамм цэвэр цагаан мөнгийг 999-ийн сорьцтой 20 грамм цэвэр алтаар бүрж монгол хаш чулуун суурьтай. Алтан гэрэгэн дээр мөн монгол төрийн гандан бууршгүй суу, алдрыг илтгэсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” хэмээх бичээс байгаа билээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404