Д.Сарангэрэл сайд ямар зорилгоор худал мэдээлэл тараав
2018/11/20

Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл ОХУ-д үйлдвэрлэгддэг "Виферон" лааг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасан бага насны хүүхэддээ хэрэглэхгүй байхыг сануулж 25-р суваг телевизээр ярилцлага өгсөн. Тэрээр “АХБ-ны судалгаагаар Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусыг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Тиймээс Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас хасаад зогсохгүй, хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” хэмээсэн бөгөөд түүний энэхүү мэдэгдлийг эсэргүүцэн "ЭНТО” компани Д.Сарангэрэл сайдыг шүүхэд өгсөн байна.

"Энто" компанийн зүгээс түүнийг компанийх нь нэр төрд халдан худал мэдээлэл тарааж байна гэх үндэслэлээр ийнхүү Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад буй бөгөөд тус компанийн өмгөөлөгч Ш.Алтангадас "“Энэхүү лааг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд 8 жил болж буй бөгөөд энэ хугацаанд нийт 90 мянга гаруй хүн хэрэглэжээ. ОХУ-ын эрдэмтэд 50 гаруй жилийн туршилт судалгааны үндсэн дээр гарган авсан энэхүү лааг хэрэглэснээс үүдэн гаж нөлөө, урвал үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Мөн манай төрийн байгууллагаас хийсэн эмийн судалгаагаар ч гаж нөлөө илрээгүй. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас “Манай байгууллага эмнэлзүйн нөлөөлөл судалдаг байгууллага биш бөгөөд зөвхөн үнийн судалгаа хийх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд оролцсон” гэсэн тайлбар хийсэн. Тиймээс түгээсэн ташаа мэдээлэлдээ Эрүүл мэндийн сайд залруулга хийх ёстой” хэмээсэн байна. 

ОХУ-ын Эрүүл мэндийн салбарын шилдэг бүтээл, Төрийн хошой шагналт "ВИФЕРОН" лааг ийнхүү үгүйсгэж буйд ОХУ-ын мэргэжилтнүүд ч сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн байх бөгөөд "ОХУ-ын гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Краснопольский Владислав Иванович "Манай эрдэмтдийн 50 жилийн шилдэг бүтээлийн нэр төрд мэдлэг боловсрол тааруу, улс төрч халдсан явдалд ихэд бухимдаж байна. Тэр сайд гэгч нөхөр алдаагаа засан уучлалт гуй" хэмээсэн байх аж. 

Харин Азийн хөгжлийн банкны зүгээс "Манай баг хамт олон ямар ч судалгаа хийгээгүй, виферон лааны талаар тийм мэдэгдэл хийгээгүй" хэмээх хариу мэдэгдэл ирүүлсэн байх бөгөөд чухам юуны учир Д.Сарангэрэл сайд ийнхүү мэдэгдэл хийн тус лааг Монгол улсын зах зээлээс шахан гаргах оролдлого хийх болов? Магадгүй "Виферон" лааны оронд өөрийн оруулж ирж буй лааг зах зээлд шахах гэсэн нэгэн оролдого байж мэдэх хардлага олон нийтэд ийнхүү төрж эхэлсэн бөгөөд холбогдох байгууллагууд нь түүнийг шалгах биз ээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404