76-Г ӨРШӨӨЛД ХАМРУУЛАХГҮЙ БАЙХ САНАЛ ГАРГАВ
2018/06/13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэг эхлэнгүүт УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын 76 гишүүнийг өршөөлд хамруулахгүй байхаар хуулиа баталъя гэх санал гаргав. Энэ тухай тэрээр “Зуны зусан УИХ Өршөөлийн хууль ярилаа, гараас гардаггүй. Өршөөлийн хуулиа удаалгүй түргэн батлах ёстой. Нэг юмыг нэмж баталъя, УИХ-ын 76 идэж уучихаад түүнийгээ цайруулахын тулд хууль батлах нь гэж ярьж байна. Энэ хуулийг баталдгаараа баталъя, 76 гишүүнд аль нэг заалт нь хамаарахгүй гэдэг хуулийг баталъя” гэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд: Зүйтэй санал байна, техникийн хувьд яаж оруулах вэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой, гишүүд бүгд сууж байна. Хуралдахад асуудалгүй.

УИХ-ын дарга З.Энхболд: Л.Цог гишүүн ийм санал гаргаж байсан санагдах юм.

УИХ-ын дэд дарга Л.Цог: Миний санал протколд байгаа байх. Хамгийн гол нь би энэ асуудлыг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуультай холбогдуулж саналаа хэлж байсан. Түүнтэй хамааруулсан бол их хэрэгтэй байсан. Алийн болгон хойш нь тавих вэ, суллагдахаар энэ хуулийг хүлээж байгаа 2000 гаруй хүн бий. Нийгэм даяараа харж байхад УИХ нь тоглож буй юм шиг хуулийг хойшлуулах нь буруу. Нэмэлт оруулах бол байнгын хороо хуралдах нь зөв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Зун гарсан Өршөөлийн хуулиар суллагдчихна гэж хүлээсэн иргэд олон бий. Бидний гол хэрүүл авлигачид, албан тушаалтныг өршөөх нь гэдэг хардалт үг хэллэгийг сөрөг хүчний зүгээс маш сайн гаргасан. Одоо нэн даруй Хууль зүйн байнгын хороо хуралдаад оруулаад ирэх ёстой. Өнөөдөртөө багтааж хуулиа гаргах ёстой. Баялаг бүтээгчдээ энэ гох дэгээнээс гаргах гэж байгаа гэдгээ мартаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: 76-г хамруулахгүй гэдэг юу гэсэн үг вэ, өршөөнө гэж дотроо шийдчихээд энэ 76-д хамаагүй гэж будилуулах хэрэггүй. Авлига албан тушаал хамруулахгүй гээд шийдчихэд л болно. Асуудал дуусна. Дахиж байнгын хороо хуралдуулж будилаантуулах хэрэггүй. Албан тушаалын гэмт хэрэгтнүүд байгаа, тэр өршөөлд хамрагдахаар болчихвол яах вэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өршөөлийн хууль 76-д үйлчлэхгүй гэдэг нь буруу. Захиргааны 19800 албан тушаалтан байгаа, дээр нь улстөрийн албан тушаалтан 1600 байгаа, энэ хүмүүсийг өршөөх юм уу. Ард иргэд таван заалтыг асуугаад байгаа. Хээл хахууль авсан хүнийг өршөөх юм уу, албан тушаалаа урвуулан ашигласныг өршөөх юм уу, хууль бусаар хөрөнгөжсөнийг өршөөх юм уу, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан хүмүүсийг өршөөх юм уу. Энэ тав орохгүй юм, хамрагдахгүй юм гэдэг хариултыг өгөөч.

УИХ-ын дарга З.Энхболд: Дарах кнопноос хамаарна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Өршөөлийн хуулийг батлахад авлигын эсрэг олон улсын конвенцийн үзэл санаа зөрчигдсөн, тийм учраас одоо засах гэж байна. Авлига албан тушаалын хэрэг, хүн алсан гэмт хэрэг, 76 гишүүнийг хамруулж, намайг алуурчинтай зүйрлэж яриад байна. Өөрснийгөө далдуур доош нь хийсэн зарчмын саналаа болиод батлах ёстой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 76-г өршөөхгүй гэж будилуулах хэрэггүй. Төрийн албан тушаалтан албаны байдлаа урвуулах эсэхийг одоо л кнопоороо шийднэ. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах кнопоороо шийдэх гэж энд цугласан. Тэртэй тэргүй төрийн захиргаанд ажиллаж байгаа 16000 хүн, улс төрийн албан тушаалтан 1900 хүн, бид бүгдэд хамааралтай. Ямар мэргэн санаа олж бодоод Хууль зүйн байнгын хороо хуралдуулах гээд байгаа юм бэ. Үүнийг хойшлуулах гэж л байнгын хороо хуралдах гээд байна. Эрх барьж байгаа нам дөрвөн чуулган дамжуулж цаг алдаж байгаа. Саналаа өгөөд асуудлаа шийдье гэлээ.

Хууль зүйн байнгын хорооноос Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах зургаан зүйл ангийг дэмжих эсэх дээр санал хураах ажил үргэлжилж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Манай Хууль зүйн байнгын хорооны гишүүд будилж байна. Ерөнхийлөгчийн хоригийн агуулга бол долоон зүйл ангийг өршөөлд хамруулахгүй, дөрвөн зүйл ангийн хоёр жилийн дараа өршөөлд хамруулах тухай шүү дээ. Энэ долоон зүйл заалтыг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй, энэ дээр санал хураалт явуулна. Өршөөлийн хууль батлагдаад яагаад хэрэгжээгүй юм бэ гэвэл МАН долоон өдөр завсарлага авсан” Шударга ёс эвсэл” 13 хоногоор хоёр удаа завсарлага авсан. Ардчилсан нам нэг ч удаа завсарлага аваагүй шүү.

З.Баянсэлэнгэ: Хууль зүйн байнгын хороо санаатайгаар алдаа гаргасан. Шүүх хууль бус шийдвэр гаргавал өршөөлд хамрагдана асуудлыг санаатайгаар хассан шүү. Энэ асуудлыг одоо нэмж оруулж санал хураамаар байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Одоо нэмэлт заалтаар санал хураах боломжгүй. Одоо нэгдүгээр заалтаар санал хураана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404