Ц.Бат-Өлзий: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нэр төрийг хамгаалах асуудлыг зайлшгүй анхаарах хэрэгтэй
2018/11/20

Сүүлийн үед бага насны хүүхдүүд гэмт хэргийн золиос болох явдал хэрээс хэтэрч байна. Уг нь манайд хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон хууль, тогтоомж бий. Мөн үр хүүхдийнхээ өмнө хүлээх эцэг эхийн үүрэг, хариуцлага гэж ч байдаг.

Гэтэл эцэг, эхийн хараа хяналт муугаас болж эхийнхээ өврөөс ч гараагүй шахам жаахан охид балмад нэгэнд “хүчиндүүлсэн” гэх сэтгэл өвтгөсөн мэдээ байнга шахам сонсогдох болов.

Тухайлбал, Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэж бүртгэгдсэн байна. Үүнээс үл таних хүнд 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүнд хүчирхийлүлсэн 26 тохиолдол бүртгэгджээ. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Үүний цаана хаалттай хаалганы цаана хэчнээн бяцхан зүрх ийм шаналал амсан уйлж суугааг бид таашгүй.

Дээрх гэмт хэргийн халдлагад өртсөн хохирогчдын нээлттэй чөлөөтэй ярилцах, хууль зүйн туслалцааг авах хүн нь өмгөөлөгч тул бид Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгчтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гарах шалтгаан нь юу байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь эцэг эхчүүдийн үр хүүхэддээ тавих анхаарал халамж муу байгаатай шууд холбоотой нь судалгаагаар тогтоогдсон. Тодруулбал, нийт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дийлэнх хувь нь төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдарч байхдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна.  Хүүхэд гэмт хэрэгт холбогдох маш олон шалтгаан бий. Хамгийн гол нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байна. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай нь тогтоогдсон. Хүмүүс ажлаа сайн хийж, мөнгө олоод үр хүүхдээ хоол ундтай байлгах ёстой гэж зүтгэх зууртаа амьдралынхаа жинхэнэ зорилго болох үр хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхээ орхигдуулаад байдаг. Гэр бүлийн хайр халамж дутуугаас болж, нөгөө талаас эцэг эхийн хараа, хяналт муутайгаас үүдэж бага насны хүүхэд бусдын халдлагад өртөж байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг харамсалтай тоо бий.

- Хүүхэд яг ямар нөхцөлд орвол түүнийг хүүхдийн хүчирхийлэл гэж хэлэх вэ?
- Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бие махбодын, бэлгийн, үл хайхрах, сэтгэл санааны гэсэн дөрвөн төрөлд авч үздэг. Хүүхдийг эрхшээлдээ байлгах зорилгоор хүч, эрх мэдэл, давуу талаа ашиглан, хүүхдийн халдашгүй эрх, эрх чөлөөг зөрчсөн, гэм хор учруулсан, эсвэл хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэрэг үйлдлийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг. 

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг өмгөөлөхөд ямар хүндрэл гардаг вэ?

-Насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол их байна. Энэ төрлийн гэмт хэргийг өмгөөлөхөд гарч байгаа хамгийн том хүндрэл нь 2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн заалтууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх заалтуудаасаа өөр, ойлгомжгүй байгаа нь болоод байгаа юм. Тухайлбал,  хохирогч хүүхдийг байцаахад яг хэн хэнийг байлцуулах ёстойг тодорхой хуульчилж өгөөгүй байдаг. Учир нь хуулиндаа оруулж ч болохоор, оруулахгүй ч байж болохоор тусгачихсан байгаа нь шүүх дээр очоод маргаан болдог. Зарим нь бага насны хүүхдийг байцаахад өмгөөлөгч сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, ар гэрийнхэн нь байх ёстой гэж маргадаг. Харин зарим нь хуулиар  заавал байх ёстой гэсэн заалт байхгүй гэж маргадаг. Тиймээс энэ асуудлыг яг нэг мөр болгох шаардлагатай байна.  

-Хэрэг шийдвэрлэлтийн явцад тухайн хүүхдийн нэр төрд халдах, мэдээллийн нууцлал нь задрах тохиолдлууд их гарч байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ маш чухал асуудал. Хүүхдийн нэр төртэй холбоотой учраас шүүх энэ төрлийн хэргийг хэлэлцэхдээ хаалттай хурлаар хэлэлцдэг. Гэтэл мөрдөн байцаалт, прокурорын шатанд хүүхдийн эрх зөрчигдөөд байдаг. Учир нь энэ шатанд хүүхдийн нэр төр хамгаалагдах асуудал хуулиар зохицуулагдаагүй байгаа. Тиймээс энэ асуудлыг бас зайлшгүй анхаарах хэрэгтэй.

-Ураг төрлийн гэмт хэрэг маш их байна. Гэтэл энэ төрлийн хэргийн хохирогч болсон хүүхдүүд яг шүүх дээр очихоороо би тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлгээ өөрчлөх тохиолдол гардаг гэсэн. Танд иймэрхүү тохиолдол гарч байв уу?

-Ийм тохиолдол их гарч байгаа. Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв оновчтой тогтоохгүй байгаатай холбоотойгоор ийм тохиолдол ихэсч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд хууль ёсны төлөөлөгч буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой гээд заачихсан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд  хууль ёсны төлөөлөгчийг зөв оновчтой тогтоогоогүйгээс болоод хүүхдийн эрх зөрчигддөг. Учир нь хууль ёсны төлөөлөгч гэх хүн нь хүүхдэд нөлөөлж, мэдүүлгийг нь өөрчлөх тохиолдол ч гардаг. 

-Хууль ёсны төлөөлөгч гэдэгт хэн хэн багтдаг юм бэ?

-Хуулинд зааснаар бол хууль ёсны төлөөлөгч гэдэг нь эцэг, эх хоёрыг хэлж байгаа юм. Харин асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэдэг нь эрх бүхий захиргааны байгууллагаас хууль ёсны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон этгээдийг хэлж байгаа юм. Гэтэл энэ бүх шаардлагыг хангаагүй төрсөн ах, эгч гэх мэт хүмүүсийг шууд хууль ёсны төлөөлөгч болгоод байгаа нь асуудал үүсгээд байна.

Т.Гэрэл

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404