Хотын дарга хэн болохыг ИТХ-ын төлөөлөгчид шийднэ
2018/11/14

Нийслэлийн МАН-ын шинэхэн даргын  шударга, алсыг харах эсэхийг шалгах халуухан үйл явдал бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн асуудал.  Улс төр дэх  үйл явдал халуунаар өрнөх тусам   гартаа барьчихаад  эгзгийг нь тааруулж гаргах  гээд  байгаа гилийн ноён хэн байх нь илэрч мэдэхээр байна. Саарал ордны хонгилоо тэнүүчлэх эзэнгүй яриагаар бол  экс Ерөнхий сайд С.Баяр хөшигний ард байгаа гэх юм.  Тэгэхээр С.Баяр , М.Энхболд хоёр дундаа нэг хөзөр атгасан байхыг үгүйсгэх аргагүй. 

Чухамдаа өчигдөр өрнөсөн үйл явдлаар бол  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар туг тахиж гэмээнэ У. Хүрэлсүхийн гартаа барьсан модны учрыг олсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаа золионд хаяснаар нам болоод  Засгийн газрын нэр хүндийг  шавартай хутгаж орхисон гэж дүгнэж болохоор.

Тиймээс  аргаа барахдаа галыг өөрөөсөө холдуулах алхам гэж үзсэн технологи нь  Хотын дарга болоод УИХ-ын дарга болоод УИХ  дахь МАН-ын бүлгийн дарга нарт хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцрохыг шаардсан явдал.  Эл үйлдлээрээ    Миеэгийн хүүтэй дайн зарлаж буйгаа илэрхийлсэн ч амжилт  олох бус харин ч М.Энхболдод боломж олгож орхив.

Одоо бүх хөзөр УИХ-ын даргын гарт дахин атгагдав бололтой. Тиймээс тэрбээр  Нийслэлийн Засаг даргыг тодруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал буюу 50+1 гэсэн хувилбарыг санал болгож буй сураг дуулдлаа.  Төлөөлөгчид ч дэмжиж буй гэнэ.

Нөгөөтэйгүүр, НИТХ-ын төлөөлөгчид ч өөрийн байр суурийг харуулж,  багаараа ажиллахыг хүсэх л байлгүй дээ. Тэдэн дунд  төрийн албаны дадлага туршлага,   нийслэлийнхээ иргэдтэй ойр байдаг олон гишүүн бий гэдэгт эргэлзэх зүйл алга.

Бас  эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх хүсэл эрмэлзэлтэй  орлогч нар байж л таарна. Гаднаас  харайлгаж орж ирсэн муур хэсэгтээ гэрийн хатавчинд хэвтдэг  ёсоор өөрсдийгөө хотын дарга гэж хараад байгаа Х.Нямбаатар, Б.Мөнхбаатар нарт 45 төлөөлөгч толгой дээгүүрээ харайлган хоймортоо залах эсэхийг цаг хугацаа харуулах буй за.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404