Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй
2018/11/13

МАН-ын УЗ-өөс бүлгийн дарга Д.Хаянхярвааг албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэсний дараа Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүдээс  гарын үсэг цуглууна гэдгээ  мэдэгдсэн. Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих эсэх талаар зарим гишүүний байр суурийг  news.mn тодруулжээ.


 УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Засгийн газарт  хариуцлага тооцох шаардлагагүй

-Засгийн газарт  хариуцлага тооцох шаардлагагүй гэж би хувьдаа үзэж байна. Эдийн засаг өнөөдөр өсөлттэй гарсан нь  Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн.  Засгийн газар маш сайн ажиллаж байгаа гэдгийг ОУВС, гадаад түншүүд ч гэсэн үнэлж байгаа. Манай улсын зээлжих зэрэглэл ч нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, өр төлбөрөө төлж төсөв санхүү нэг урсгалтай болсон. Мөн хариуцлагаа ярьж чаддаг болсон  зэрэг  олон давуу талыг дурдаж болно. Засгийн газрын сайд нар ч сайн ажиллаж  байгаа. Тийм болохоор  Засгийн газар тогтвортой ажиллах нь зөв. Бүлгийн даргын хувьд Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр зөв гэж харж байгаа. Бүлгийн дарга бол бүлгээ нягт байлгаж, байнгын хорооны хурлууд, бүлгийн хурлаар   ирцийг нь бүрдүүлж идэвхтэй ажиллуулах тал дээр хангалтгүй байгаа гэдгийг манай бүлгийн гишүүд хэлдэг. Тиймээс бүлгийн дарга өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй болов уу. Мөн бүлгийн зарим гишүүний ёсзүйн  асуудал яригдаж байгаа учраас уг асуудалд бүлгийн дарга ч гэсэн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууринаас Удирдах зөвлөл хандсан. Намын дарга, бүлгийн дарга хоёр нэг баг болж ажиллах учиртай. Гэтэл энэ уялдаа холбоо  сул байгаа учир анхаарах шаардлагатай гэж бид харж байгаа. ЖДҮ-хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн хувьд хариуцлагын асуудлыг УИХ өөрөө хариуцлага тооцох ёстой. УИХ-ын гишүүн бизнес эрхэлдэг байлаа гэхэд ёсзүйтэй байх ёстой. Тиймээс цаашид миний бие УИХ-ын гишүүний ёсзүйн дүрмийг боловсруулж, УИХ-ын гишүүн юу хийж болох үгүй эсэхийг маш тодорхой тусгаж өгье гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Асуудлаа хоорондоо ярилцаж, ойлголцох ёстой

-Үндсэн хууль бол бидний дагах мөрдөх баримт бичиг. Үндсэн хуульд УИХ болон Засгийн газрын зааг ялгааг тодорхой тусгасан. Тийм учраас Үндсэн хуулийнхаа дагуу асуудлыг шийдэх ёстой болов уу. Улстөрд дотоод зөрчил гарахыг үгүйсгэхгүй. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдгийн адил асуудлаа хоорондоо ярилцаж, ойлголцох  ёстой  гэж би хувьдаа үзэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Бүлгийн даргыг огцруулах шаардлагатай

-Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулах нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал учраас тэр хүний л асуудал. ЖДҮХС-ийн үйл ажиллагааг шалгах хэрэгтэй. Намын Удирдах зөвлөлийн шийдвэр маш зөв байсан. Бүлгийн даргыг огцруулах нь шаардлагатай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: У.Хүрэлсүх үтэр түргэн явах ёстой, харагддаг шигээ хүн биш

-Засгийн газрыг огцруулах гурван шалтгаан бий. С.Баярцогтыг огцруулах асуудлыг би хөндөх үеэр Үндсэн хуулийн цэцэд хахууль өгч шийдвэр гаргуулсан. Тэр нь сайдыг огцруулж болохгүй кабинетаар нь огцруулна гэх шийдвэр байсан. Энэ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой байгаа. УИХ сайд нарт хариуцлага тооцож болохгүй болчихсон. Я.Содбаатар, Ц.Даваасүрэн сайд нарт хариуцлага тооцох хууль алга. ЖДҮХС-аас зээл авахдаа авлигалын хэлбэрээр авсан. Зээл авсан бүх гишүүд мөнгө угаасан. Ийм гэмт хэрэг байж болохгүй. Засгийн газар амласан ажлаа хийхгүй байна. Утаа, шатахууны үнэ, валютын ханш гэх мэт асуудлаар амласан ажлаа хийхгүй байна. У.Хүрэлсүх үтэр түргэн явах ёстой. Харагддаг шигээ хүн биш.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: АН дэмжиж гарын үсгээ зурна    

-Нийгэм шударга ёсыг хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шударга ёсыг тогтоож, хариуцлагыг бий болгоно гэж гарч ирсэн. Мөн Ц.Нямдорж хуулийн хайчийг хөдөлгөнө гэж мэдэгдсэн ч  өнгөрсөн хугацаанд хариуцлагын тухай асуудал огт яригдсангүй. Нийгэмд бухимдал дагуулж буй нэг ч асуудлыг Засгийн газрын зүгээс тэмцсэнгүй. Харин эсрэгээрээ АТГ нэлээд олон албан тушаалтнуудыг шалгах ажлыг эрчимжүүлж байна. ЖДҮ-г тойрсон бухимдал нийгэмд их байна. Үүнтэй холбогдсон нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудал мөн нийгэмд хүлээлт үүсгэж байна. Гэтэл уг асуудлаар хариуцлагын асуудлыг хөндөж тавьсан бүлгийн даргаа огцруулах боллоо. Ийм байгаа Засгийн газар цаашид нийгмийн бусармаг үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүст хариуцлага тооцож  чадахгүй.  Хэрвээ Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулах тухайн асуудлыг хөндөж тавьбал АН дэмжиж гарын үсгээ зурна. Нэг ялгаатай зүйл бий. 2012-2016 онд МАН-ын бүлэг АН-ын Засгийн газрыг унагаахын тулд гарын үсэг зуруулж байнга явдаг байсан. Өнөөгийн АН-ын бүлэг ийм санаачлага гаргахгүй байгаа.  Бид төрийг  тогтвортой байлгах байр суурийг хадгалж ирсэн. Хэрэв биднээр гарын үсэг зуруулчихаад цаагуураа тохиролцдог асуудалд бид бүлгийн нэгдсэн шийдлээ  гаргана. Манай бүлэг есүүлээ ч гэсэн аливаа асуудалд бүлгээрээ ярилцаж хамтын шийдвэр гаргадаг. Миний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох цаг нь болсон.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Засгийн газрыг огцрохыг дэмжиж байгаа

-УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад тараах тухай асуудлыг ярьж нийгмийн үймээн самуунд уриалсан утгатай үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцохдоо хэлсэнд нь сэтгэл дундуур байна. УИХ-аас баталсан хууль тогтоомж, баталса төсвийн хүрээнд гүйцэтгэх засаглал ажлаа явуулах ёстой. Түүнээс биш хууль тогтоогчдын ажлыг зааж болохгүй. Би Засгийн газрыг огцрохыг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Ийм зүйл болно гэж бодож байсангүй

-Ийм зүйл болно гэж бодож байсангүй. Хариуцлагын асуудал яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд намынхаа бүтцийн байгууллагад сайд, гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудал яригдаж байна. АН-ын бүлгийн зүгээс 60 тэрбум, ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлаар холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохыг шаардаж байгаа. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудал эрчимтэй яригдаж байна. Мэдээж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох байх. Дараа нь 27 санг шалгаж нэг мөр асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Манай бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдаагүй байна. Монгол Улсын хөгжил дэвшил, гаднын хөрөнгө оруулалт, ард түмний эрх ашиг, гаднах нэр хүнд гэх зүйл энэ яригдаад буй зүйлээс тэс өөр шүү. Энэ бүгдийг төрийн албан хаагч бүр сэтгэл, зүрхэндээ бодож ёстой. Энэ бужигнаанаас болж Монгол Улсад орж ирэх гаднын хөрөнгө оруулалтууд зогсох вий.

 

Эх сурвалж: news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404