Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018/06/13

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24156 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1598, зөрчлийн шинжтэй 18482, зам тээврийн 4075 дуудлага мэдээлэл байна. Гэмт хэргийн шинжтэй нийт дуудлага, мэдээлэл 87, хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 54 нэгжээр тус тус буурсан байна. “Аз жаргалтай хот”, “Эргүүл дэд” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх зорилгоор 40 оюутанг сонгон шалгаруулж “Оюутан цагдаа-2018” арга хэмжээг энэ оны 06 сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2746 дуудлага мэдээлэл хүлээн авч 815 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 128 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 135 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 128 бүртгэгдэж 5.2 хувиар буурсан дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батболд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм, шөнөдөө  11-13 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 147 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 134, аврах ажиллагааны 13 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос 23 иргэний амь бие, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 810 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын Шарлангийн гол гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод нийслэлийн Онцгой байдлын газраас 71 албан хаагч, 6 автомашинтайгаар тавдугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл гал түймрийг цурманд нь оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул гол дагуу амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулдаг “завьт эргүүл” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404