Ч.Хаянхярваа Ерөнхий сайдад санаархаад эхэлжээ
2018/11/12

Д.Хаянхярваа “Би намын даргатйа сөргөлдөөгүй. Намын даргыг шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Би ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байгаа. Хэлсэн шүүмжлэлийг зөрчил, атаа хорсол гэж хүлээж авна уу, алдаа оноо засах эрүүл саруул ухаан гэж ойлгоно уу. Энэ нь улс төрийн том зүтгэлтэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ухааны цар хүрээг харуулах асуудал” гэж ууртай мэдэгдэв. 

Энд МАН-ын дарга У.Хүрэлсүх бус Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан үг бий. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын суудалд асуудал үүссэн гэсэн үг. Ард түмнээс дэмжлэг хүсч УИХ, Засгийн газрыг тараагаад, өөрөө огцорно гэсэн У.Хүрэлсүхийн үг Д.Хаянхярвааг ингэж эгдүүцүүлжээ. Тиймээс тэрбээр У.Хүрэлсүхэд УИХ-ыг тараах эрх байхгүйг нь хэлээд “улс төрийн өндөр албан тушаалтай хүн өөрийнхөө хэлж ярьж байгаа үйлдэл бүхнээ байнга хянаж байх ёстой” хэмээн Ерөнхий сайдын суудалдаа гамтай байхыг нь сануулав. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. Хүн амины хэрэг, нэн хөнгөлөлттэй зээл гэх шалтгаанаар сайд нар нь ээлж дараалан асуудал үүсгэж, суудлаа тавьж өгсөн. Одоо ч сайдын суудлаа эзгүйрүүлж болзошгүй хүмүүс бий. Асуудал үүсгэсэн сайд нарыг сугалж огцруулах бус Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг сөрөг хүчнээс эхлээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү сануулсаар буй. Сөрөг хүчний энэ шаардлага дээр МАН-ын бүлгээс хүч нэмчихвэл Засгийн газар огцрох нь цаг хугацааны л асуудал. Үүний эхлэл болгож, өнөөдөр Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн байхыг үгүйсгэх аргагүй. Харин Д.Хаянхярваад том сонирхол бий. Тэр дараагийн Ерөнхий сайд болохыг хүсч буйгаа илэрхийлэх үүднээс түрүүлж дуугарсан байж болно.

Сөрөг хүчинтэй нийлж, Засгийн газраа унагасан түүх АН-ынханд бий. Энэ гашуун түүхийг Н.Алтанхуягийн Засгийн газрынхан мэдэрсэн. Харин одоо энэ гашууныг У.Хүрэлсүхийн Засгийн газар амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Ямар сайндаа л Ерөнхий сайд “шүдгүй арслан шиг болчихоод байна” гэж хэлэхэв. Үхэхээс айхгүй ажиллана гэж гарч ирсэн Ерөнхий сайд юу ч хийж чадахгүй суугаа нь гадны олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа нь тодорхой.

Ямартай ч МАН-ын саарал байшин “шатах”-ын даваан дээр байна. Намын дарга, Ерөнхий сайдын албыг давхар атгасан У.Хүрэлсүх байшингаа шатаахгүйгээр жоомнуудаа барьж чадахгүй байдалд хүрч болзошгүй нь.

Эх сурвалж: Шууд.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404