ХХАХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг баривчилжээ
2018/11/02

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн шөнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал С.Төгсбилэг, сангийн бичиг хэрэг болон ерөнхий нягтлан нарын дөрвөн хүнийг баривчилжээ.

Прокурорын байгууллагын мэдээлснээр АТГ нь ЖДҮДС-гийн үйл ажиллагаанд гурван чиглэлээр хяналт шалгалт, мөрдөн шалгах ажил явуулж байгаа. Эхнийх нь тодорхой тооны хүмүүс хууль зөрчсөн эсэх, хоёр дахь нь, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэх, гурав дахь нь сангаас зээл авсан хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд хэн болох. Ийм гурван чиглэлээр шалгаж байгаа юм.

АТГ-аас өнгөрсөн хугацаанд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар зөвлөмж хүргүүлж байсан юм. Уг зөвлөмжид:

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох журам, аргачлал, шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулах.

-Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 138 дугаар тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ыг баталсан бөгөөд энэ журмын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд иргэд, аж ахуйн нэгжээс 2016 онд нийт 700 гаруй төсөл ирүүлснээс 212 аж ахуйн нэгж, иргэнд зээл олгох шийдвэр гаргасан байна.

-Хэрхэн сонгон шалгуулсан нь тодорхойгүй, холбогдох төсөл болон материалуудад эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал боловсруулж өндөр оноо авсан нэгжийг сонгон шалгаруулсан гэдэг нь үндэслэлгүй, уг уг аргачлалыг сонгон шалгаруулах хурлын дараа баталсан, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн талаар хурлын тэмдэглэлд дурдагдаагүй байв. Тус сан нь сүүлийн жилүүдэд төсөл сонгон шалгаруулах зээлийг бие даан олгож байгаа бөгөөд бодлогын зээлийг арилжааны банкны шалгуураас доогуур шалгуур тавьж, зээл олгож байна. Зээл авсан 83 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 20 гаруй нь тодорхой улстөрч, эсхүл нэр бүхий томоохон бизнес эрхлэгчтэй шууд хамааралтай (хамаарал бүхий этгээдүүд нь зээл авсан) байна" гэсэн байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404