Сумъяа сайдын сандал хүчтэй ганхжээ
2018/11/02

Уг нь аль л оны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахууны үнэ нэмэхгүй байхыг сануулж Уул уурхайн сайдад чиглэл өгч байсан. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлд АИ-92 шатахуун 1995 төгрөгт хүрчээ. Харин орон нутагт бол аль хэдийнэ 2000 хол давсан байна. Гэтэл шатахууны үнэ тодорхой хэмжээнд буурч байгаа гэж хэмээн салбарын сайд мэдэгдэж байсан нь саяхан. Мэдээллээс ийм ангид байна гэж байхааргүй. Ийн ташаа мэдээлэл өгсөнд нь олон нийт байтугай танхимынхан нь хүртэл гайхаад хоцорсон. Шатахууны үнэ анх нэмэгдэх сургаар Сумъяа сайд гадаадад зугаалаад явчихсан гэх бөгөөд жиргээчид түүнийг "шатахууны монопольчидтой үгсчихээд галаас зугтаачихлаа" хэмээн ёжилж байлаа. Гэвч олон нийт танхимын тэргүүнийг "үнэ буулгаж чадахгүй бол огцор" хэмээн буруутгасан. Харин түүнээс хойш дахин 6 удаа буюу энэ онд нийтдээ долоон удаа шатахууны үнэ нэмэгдлээ. Тиймээс Д.Сумъяабазартай хариуцлага тооцох асуудал хүчтэй яригдаж эхлэв.

Сумъяа сайдтай хариуцлага ярихаас аргагүй юм. Тэр УИХ-ын болон ЗГ-ын гишүүний давхар дээлтэй,  Сонгино-Хайрхан дүүргийн МАН-ын хороог тэргүүлдэг. Бас саяхан талын хүмүүсээ гудамжинд жагсаал хийх хүртлээ улстөржиж хор найруулан байж Нийслэлийн МАН-ын хороог авчихсан.  Дүүргийнхээ намын ажилд байтугай яамныхаа ажилд ч идэвхийлэн  гүнд нь орж ажиллаж амждаггүй гэдгийг хэвлэлээр мөн ч их бичицгээж байв. Түүнд томоохон төслүүдийг урагшлуулах, IPO гаргах, баялгийн бирж байгуулах,  гадны хөрөнгө оруулалт татах гээд улс орны амин чухал асуудлуудыг  даатгасан ч  “төрийн ажилд хэнэггүй ханддаг” байдал нь ийнхүү түүнийг ганхуулж эхэллээ. 

Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шатахууны үнэ дахиад өслөө. Бууруулж чадахгүй бол сайд нь бас огцрох хэрэгтэй" гэж хэлж байсан нь ийнхүү бодитой болох нь. Сайд болсноосоо хойш 100 хоногийн  30-д нь гадаадад байсан хэмээн Засгийн газрын 100 хоногийн үеэр түүнийг огцруулахыг шаардаж байсан бол энэ удаа тэр яах аргагүй сандлаасаа буух бололтой дог шүү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404