Гэр бүлийн хүчирхийллийн золиосонд 2 хүүхэд өнчирч үлджээ
2018/10/31

Гэр бүлийн хэрүүл маргаан, хардалт, үл итгэлцэл, хууран мэхлэлт, доромжлол, тохуурхал, үл хүндлэл даамжирвал нөхөж баршгүй хохиролд хүргэдэг. Үүний илрэл нь ч сүүлийн үед нийгмийг ихээр цочирдуулж байгаа гэр бүлийн хүчирхийллийн аймшигт хэрэг явдлууд гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд эхнэрээ хардсанаас болж Тэнгэр худалдааны төвийн хамгаалалтын албаны нэг залууг 3 удаа хутгалж амийг нь хороосон хэрэг гарсан. Тэгвэл гэр бүлийн маргаан, хүчирхийллээс үүдэлтэй дахин нэг хэрэг Өвөрхангай аймагт гарчээ.

ХЭРГИЙН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДСЭН Ч ТООГООГҮЙ

Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, хоёр хүүхдийн ээж амиа алдаж, бага насны 2 хүүхэд өнчирч хоцорсон харамсалтай хэргийн талаар zaluu.com мэдээлжээ

Харамсалтай нь, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн ч цагдаа нар нь "туслаагүй” талаар нутгийн иргэд мэдээллээ. Тодруулбал, “Эмэгтэй хүний аврал эрэн орилох дуу ойролцоо харагдах гэрээс гарахыг сонссон иргэн цагдаагийн байгууллагад мэдээлсэн боловч дуудлага хүлээн авсан цагдаа нь “Наадах чинь угаасаа тэгдэг юм. Тэгээд очихоор зугтаад явчихдаг гээд” тоогоогүй гэнэ.

Гэтэл маргааш нь аврал эрэн орилж байсан эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлсэнээр хэрэгтнийг гэртээ тоононоосоо дүүжлэгдэж, амиа хорлох гэж байхад нь баривчилсан гэсэн юм.

Ард иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах учиртай цагдаа, хүний амь настай холбоотой чухал асуудалд ийм хайхрамжгүй хандсан эсэхийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас тодруулах гэсэн боловч “Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүй бол. Ямар ч хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн хэмээн мэдээлэлд дурджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404