Ерөнхийлөгчид "ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч" болохыг нь сануулаач
2018/10/30

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах саналыг УИХ-ын даргад хүргүүлэв.  Тэрээр   УИХ-ын гишүүд нь хариуцлагагүй, ёсзүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байгааг үндэслэн УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёсзүйн үндэслэлгүй болсон, УИХ өөрөө шийдвэр гаргаж, тарах ёстой хэмээн  албан бичигтээ дурджээ. Бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгч аливаа асуудлаар УИХ-д санал хүргүүлэх нь нээлттэй. Хамгийн сүүлд УИХ-ын даргад төсвийн орлого бүрдүүлэх, зардал бууруулах талаар саналаа хүргүүлээд байсан тэрээр энэ удаад УИХ-ыг тарах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод албан ёсоор гардууллаа. Ер нь парламентат засаглалын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч нь УИХ-ыг тарах саналыг гаргалаа.

УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдлүүд хэрээс хэтэрсэн нь үнэн. Тэдэнд хамааралтай албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйлдлүүд ч хэвлэлийн хуудаснаас салахгүй болсон. Даарин дээр давс гэгчээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд их хэмжээний зээлийг авсан байсан нь олон нийтэд ил болсон. УИХ-ын 76 гаас 50 нь энэ сангаас зээл авсан гэх мэдээлэл тарсан, иргэд олон нийт зээл авсан гишүүдийг ёсзүйн хариуцлага хүлээхийг шаардсан энэ цаг үе магадгүй АН-ын Ерөнхийлөгчид таатай боломж олгосон болов уу.  УИХ тарвал өнөөдөр хэнд ашигтай вэ. Мэдээж сөрөг хүчинд. Сөрөг хүчний хувьд улс орны тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж эрх баригчдыг шүүмжлэх нь тэдний үүрэг. Гэвч яг үнэндээ тэдэнд иргэдийн амьдралаас илүүтэй  ирэх сонгуулийн дүн чухал. Тиймээс УИХ тарвал ямар сөрөг үр дагавар үүсэх, улс орон ямар хохирол хүлээх, хэчнээн төгрөгний зардал гарах, хэр хэмжээний алдагдал хүлээх ер сонин биш. Тийм ч учраас тэд сав л хийвэл өөлж шүүмжилж Засгийн газар огцрохыг, УИХ-ыг тарахыг шаардаж буй.  “УИХ тарахгүй бол дараагийн алхам нь өлсгөлөн зарлах” гэж телевизэд өгсөн ярилцлагадаа АН-ын Ерөнхийлөгч дурдана лээ.  Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн амнаас улстөржсөн, нам үнэртсэн ийм үг гарсанд олон хүн дургүйцэж байна. Магадгүй тэр үнэхээр Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэж байна уу...

Юутай ч хуулийн дагуу УИХ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэнэ. Нийт гишүүдийн гуравны хоёрын шийдвэрээр УИХ тарах заалттай. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин223.38.62.154
УИХ тархана зүйтэй
2018/10/31
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404