Б.Батзоригийн мэлзэх ч яахав, залилангийн шинжтэй үйлдлүүдийг нь яах уу?
2018/10/29

Б.Батзориг Тээвэр зуучлал компани над хамаагүй гээд байлуу? Түүний мэлзэх юу ч биш. Тэр зарим зээлдэгчийн зээлийн хүү авлага болон төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг сангийн хөрөнгөд бүртгээгүй, түүгээр ч барахгүй зээлээ төлөөгүй зээлдэгчдийн зээлийг хаасан болгож тайланд тусгажээ. Энэ бол залилан биш үү? 

УИХ-ын нэлээд гишүүн ЖДҮ-ийн сангаас их хэмжээний мөнгө авсан мэдээлэл баримттайгаа сошиалаар нэг цацагдав. Эрх баригчид манай танай гэлгүй эвтэй найртай хувааж иджээ. Сангийн хөрөнгийг зарцуулах эрхтэй Б.Батзориг сайдтан өөрөө ч нэлээд хэмжээний зээлийг эхнэрийнхээ компаниар авсан аж. Эрх мэдэлтнүүд энэ сангийн хөрөнгийг хуваагаад авчихдаг, жил бүр өөрсөддөө зориулж л санд мөнгө төсөвлөж баталдаг гэсэн олны хэл ам ийнхүү нөотлогдож, ард иргэдийн гомдол бухимдал, зэвүүцэл дээд цэгтээ хүрэв. Хамгийн арчаагүй нь сангийн хөрөнгийг мануулсан сайд нь Тээвэр ачлал гэдэг ХХК-ийг би мэдэхгүй. Би аваагүй гэж мэлзсэн.  Харамсалтай нь хэвлэлүүд, эх сурвалжууд Б.Батзориг сайд ба “Тээвэр ачлал” ХХК-ийн харилцаа хамаарлыг баримт нотолгоотой дэлгэлээ.

“Тээвэр ачлал” ХХК-ийн ТУЗ-ын даргаар Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргал ажилладаг байна. Бас ТУЗ-д нь Б.Батзоригийн хүү ч байдаг гэнэ. Батзоригийн хүү Б.Тэмүүлэн нь Сүхбаатар дүүрэг дэх “Ти Би групп”-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг. Харин “Ти Би” группын 30 хувийг Б.Батзориг сайд эзэмшдэг гээд сайд, компани хоёрын хамаарлыг удам судраар нь гаргаад иржээ.

Бас нэг нотолгоо бий аж. Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 1.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэд, 2.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргахад Б.Батзориг сайд Тээвэр ачлал компани хоёрын хамаарлыг батлаад өгч.

Тэнд “…УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Батжаргалын Батзоригт “Тээвэр ачлал “ХХК-иас 5 832 000 /таван сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг хандивласан” гэжээ. Бас Д.Баатарням гэж хүн сонгуульд нь хандив болгож 1.0 сая төгрөг өгсөн тухай дурджээ. Баатарням нь  Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхад Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд  одоо “Тээвэр ачлал” ХХК-ийн захирлаар ажилладаг гэнэ. Тээвэр ачлал гэдэг компанийг мэдэх ч гүй гээд байлуу Сайд аа, ичих булчирхай чинь ажиллагаагүй болж дээ Батзориг оо.

Сангийн хөрөнгө буруу зарцуулагдаад байгааг Үндэсний аудитын газраас өмнө нь анхааруулж байсан ч энэ мэт зөрчлүүд гарсаар. Үндэсний аудитын газраас ЖДҮХС-гийн 2017 оны санхүүгийн тайлан,  тодруулгад аудит хийх үеэр дээрх зөрчлүүдийг ирүүлсэн бөгөөд үүнээс  ч ноцтой олон баримт факт илэрсэн гэнэ. Зөвхөн энэ удаагийн аудитаар гэхэд л ХХААХҮ-ийн сайд нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж, 2016 оны арванхоёрдугаар сарын А/62 дугаар тушаал гаргаад батлагдсан төсвийн эх үүсвэрээс олгож, санхүүжилтийг 4,6 тэрбум төгрөгөөр илүү зарцуулсан байна.

Мөн зарим зээлдэгчийн зээлийн хүү авлага болон төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг сангийн хөрөнгөд бүртгээгүй, түүгээр ч барахгүй зээлээ төлөөгүй зээлдэгчдийн зээлийг хаасан болгож тайланд тусгажээ.  

Энэ бол дэндүү ноцтой асуудал. Ийм увайгүй ийм худалч нөхрөөр энэ их сангийн хөрөнгөө мануулж тоглож, том албан тушаалаар толгойг нь илж эрхлүүлж суух сонирхол хэнд байна вэ.  Эцэст нь хэлэхэд, Б.Батзориг сайд та жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох ёстой зээлийн хөрөнгөөр баруун солгойгүй наадаж тоглоод, дээр нь хуурамч тайлан гаргасан байна. Энэ бол залилан. Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээдэггүй юм гэхэд ёсзүйн хариуцлага хүлээж иргэдээсээ уучлал гуйхыг хүсэж байна

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404