Олон жилийн турш хулгайлсан нүүрс хэний халаасанд орсон бэ
2018/10/24

“Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийнх нь гараар орж ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй” хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж , тун удалгүй АТГ, Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг алга болсон нүүрсний хэргийг шалгаж эхэлсэн.  Л.Энхболд гишүүний мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан гэж байсан ч түүний мэдээлэл хийснээс 4 сарын дараа буюу 8 дугаар сард  хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс алга болсон нь тогтоогдсон байна.

Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Ариунболд болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани захирал н.Цэддорж нарын 2017 онд байгуулсан гэрээгээр тусгай зөвшөөрөлтэй талгайгаас олборлолт хийсэн тохиолдолд тухайн компани мөнгөн дүнгээр юм уу эсвэл нүүрс хэлбэрээр төлбөрийг барагдуулахаар заасан байдаг ажээ.  

Татварын Ерөнхий газраас хийсэн шалгалтаар “Эрдэнэс Таван толгой” компанийн дансанд  дээрх олборлолттой холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо ороогүй болох нь тогтоогджээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас алдагдсан 340 мянган тонн нүүрсийг мөнгөн дүнд шилжүүлбэл ойролцоогоор 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг. Гэтэл дээрх мөнгө  “Таван толгой” компанийн дансанд “Тавантолгой” хувьцаат кампанийн ТУЗ-ын зарим гишүүдийн ашиг сонирхлын бай болсон байх магадлалтай гэж үзэж хууль хяналтын байгууллагууд уг хэргийг  тун анхааралтай шалгаж, холбоотой 5 компанийн данс тооцоог  бүртгэж эхэлжээ.

340 мянган тонн нүүрс яаж алга болсон, 25 сая ам.долларын өртөг бүхий нүүрсийг хэн гэдэг албан тушаалтнууд хил давуулсан, хил гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн, тэр их хэмжээний нүүрсийг Хятадын  ямар компанид өгсөн байж болох вэ, мөнгө  хэн хэний халаасанд орсон бэ гээд хариулт нэхсэн олон асуултын хариу удахгүй ил болох биз ээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404