ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг өчигдөр их хэмжээний авлига авах гэж байхад нь Авлигатай тэмцэх газраас баривчилсан байна. Түүнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамтай холбоотойгоор БНХАУ-ын компаниас авлига авах гэж байхад нь газар дээр нь баривчилсан гэх бөгөөд хураагдсан мөнгөн дүн нь тогтоогдоогүй байгаа аж.
“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн. Арваннэгдүгээр сар гэхэд зам засварын ажлыг дуусгана гэж төлөвлөсөн байсан ч ашиглалтад ороогүй юм. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замын төсөлд 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг 18 жилийн хугацаатай олгохоор болсон.