Байгалийн онц сонин үзэгдлүүд
2018/07/24

Байгалийн хамгийн ховор, сонин хачин үзэгдлүүд

Байгаль дэлхий гэдэг урлагийн бүтээл, мөн өөрөө уран бүтээлч нь юм. Байгалийн зарим үзэгдэл нь хүний оюун ухаанд багтамгүй, гараар урлаад ч барамгүй, тийм гайхам сайхан байх нь бий. Эдгээр гайхалтай үзэгдлүүдийг биеэрээ мэдэрч, нүдээрээ харахын тулд дэлхийн өнцөг булан бүрийг зорих хэрэг гарна. Зарим байгалийн үзэгдлүүд нь орчин тойрноо гайхамшигтайгаар чимж чаддаг бол зарим үзэгдлүүд сэтгэл түгшээм, аюултай мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл эндээс тэрхүү сонин сайхнаас тольдоё.

 

Гурван нар

 

Шинжлэх ухааны хэлээр бол хурц толбо буюу энгийн хэллэгээр бол гурван нар гарах үзэгдэл нь үүлэнд хуримтлагдсан ус, мөсний талстууд дээр туссан нарны гэрэлд ингэж харагддаг байна.

Бөмбөлөгөн үүлс

Ийм үүл нь хүчтэй салхины өмнө олонтаа харагддаг аж. Энэ бол Канадын Рижайн хотод 2012 оны зургадугаар сарын 26-нд үзэгдсэн бөмбөлөгөн үүлс юм.

Үхлийн хөндий дэх хөдөлгөөнт чулуунууд

Энэхүү үзэгдлийг Калифорнийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох “Үхлийн хөндий”, Рейстрак Плая нуурын орчимд харж болох юм. Рейстрак Плая нь хамгийн хуурай нуур учир хөдөлж, нүүсэн чулуулгуудыг хялбархан олж харна. Энэхүү чулуун нүүдлийг геологийн нэгэн нууц хэмээн үздэг бөгөөд уг хөдөлгөөн нь салхины нөлөө, чулууны хурд гэх мэт байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй гэж үздэг байна. Рейстрак Плаяд эргэн тойронд нь өндөр уулс, цав цагаан үүлс байх болно.

Кататумбо гол дээрх аянга, цахилгаан

Венесуэлийн Маракайбо нуурт цутгадаг Кататумбо гол дээр бараг бүхий л шөнө хэдэн цагийн туршид цахилгаан цахилж, аянга буудаг байна. Жилд дунджаар 1.2 сая удаа ийм үзэгдэл болдог гэсэн үг. Байгалийн энэхүү сонин үзэгдлийг хэдэн зуун км-ын цаанаас ч ажиглаж болно.

Галан солонго

Нар их өндөрт хөөрөх үед үүлэн дунд зургаан талт мөсөн талстууд их хэмжээгээр бий болоход энэ үзэгдэл бий болно. Ихэвчлэн их хүйтэнд ажиглагддаг.

Эрвээхийн нүүдэл

Эрвээхийнүүд хүнд сайхан мэдрэмжийг төрүүлж чаддаг амьтдын нэг. Эдгээр эрвээхийнүүд олон өнгийн холбоог үүсгэдэг бөгөөд АНУ болон Мексикийн газар нутаг дээр элбэг тохиолдоно. Калифорнийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялж байх үед модон дээр улбар шар, хар өнгийн холимог зүйл төрлийн эрвээхийнүүдийг харж болох юм.

Брокений хий үзэгдэл

Японы Онтаке ууланд эргэн тойрондоо өнгө өнгийн гэрлэн хүрээ бүхий хүний дүрс бүхий асар том сүүдэр харагддаг байна. Манантай үед өндөр уулан дээрээс бүр тод харагдана. Яг ийм үзэгдэл Английн Камбрия мужийн Гриздейлийн ууланд ч харагддаг аж.

Гэрлэн багана

Финляндын уулын цанын Рука бааз дээгүүр бий болсон гэрлэн баганууд. Их хүйтэнд агаар мандалд мөсний ялтсууд хөөрч өөрийн гэсэн мөсөн мананцар үүсгэдэг байна. Энэ талстууд дээр нарны гэрэл тусахад ийм гэрлэн баганууд бий болж харагддаг гэнэ.

Линз хэлбэрт үүлс

Японд үзэгдсэн линз хэлбэрт үүлс. Энэ үзэгдэл ихэвчлэн өндөр уул, нуруудын ойролцоо тохиолддог байна.

Үүлэн олс

Энэ бол Австралийн Бурктаунаас холгүй газарт онгоцноос авсан үүлэн олс. Газраас нэг км гаруй хэртэй өндөр дэх энэ үүл хэдэн мянган км урт үргэлжилнэ. Байгалийн энэ өвөрмөц үзэгдэл хаа сайгүй, ихэвчлэн хаврын улиралд тохиолддог. Гэвч ийм үүл хэрхэн бий болдог гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

Галт хуй салхи

Галт хуй салхи нь байгалийн бас нэгэн өвөрмөц үзэгдлүүдийн нэг юм. Хэдийгээр энэхүү үзэгдлийг харахад гайхалтай сайхан ч нэн аюултай үзэгдэл билээ. Энэхүү хуй салхи нь ой модонд ихэвчлэн тохиолддог бөгөөд салхины хурд цагт 100 милл хүрэхэд бий болдог байна. Гэхдээ галан хуй салхи төдийлөн их тохиолдоггүй аж

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404