Манайхан МАНАН бүлэглэл гэж олон жил ярьж ирсэн. Сүүлийн үед Хар хүчний бүлэглэл ч гэж нэрлэж бичих болоод байгаа. Уг бүлэглэлийг бүрдүүлдэг хүмүүсийг ч барим тавим нэрлэдэг. Хар хүчний бүлэглэлийнхэн нууц уулзалт хийж /2018.07.01/, АТГ хэмээх сүүлчийн “цайз”-аа авч үлдэхээр ярилцсан тухай эх сурвалж мэдээллээ. Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АТГ-ын дарга Х.Энхжаргал нар “Тотал”-ын оффист уулзжээ. Харин уулзалтад Ерөнхий сайд асан С.Баяр очиж амжаагүй байна. Тэдний хувьд ингэтлээ сандарч, Улаанбаатарт уулзалдах шалтгаан нэгэнт бий болсон аж. Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноос хойш бүлэглэлээс томилсон ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга нар солигдсон. Харин энэ уулзалтад оролцсон эрхмүүдийн үед томилогдсон АТГ-ын дарга Х.Энхжаргал л ажилдаа үлдээд байгаа юм. Х.Энхжаргалыг солих сонирхлоо Ерөнхийлөгч Х.Баттулга нуудаггүй. Гэсэн ч сольж чадалгүй байсаар өнөөг хүрсэн. АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд олон хүнд “цохилт”-ыг авч байгаа ч гүрийсээр өнөөг хүргэсэн нь эдгээр нөхөдтэй нь холбоотой гэдэг. Өнгөрч буй долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр хамт сууж байгаад Х.Энхжаргалыг дуудаж АТГ-ын даргын ажлаа өг гэж шахсан тухай цахим ертөнцөд мэдээлсэн. Үүнээс гадна нэр бүхий гишүүдийн сэдрээсэн 60 тэрбумын асуудал салхитай өдрийн түймэр шиг л дэгдээд байгаа. Эдгээр нь дээрх нэр бүхий хүмүүсийг уулзалдахад хүргэсэн нь тодорхой юм. Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурц, Х.Энхжаргал нарын уулзах болсон хамгийн том шалтгаан нь "тэдний хамгаалалтын сүүлчийн цайз хэрэм болох АТГ-ын даргын албан тушаалыг хэрхэн хамгаалж үлдэх вэ" гэдэг юм. Хэрвээ АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа өгөх л юм бол тэнд дараастай бүлэглэлийнхний ээдрээтэй олон асуудал шүүх прокурор руу явахаас гадна гол нь ард түмний өмнө асуудал дэлгэгдэж, тэд хамгаалалтгүй болно хэмээн сандралдаж байгаа бололтой. Юутай ч тэд ямар нэг хариу акц хийх нь тодорхой. Харин АТГ-ын даргын албан тушаалыг чухам ямар аргаар авч үлдэхээр болсон нь ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ.