Ням гарагт буюу Вагнерын зэвсэгт бослого зогссоноос хойш нэг хоногийн дараа ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн очжээ.
Хятадын гадаад хэргийн яамны вэб сайтад гэнэтийн энэ айлчлалын талаар ганцхан өгүүлбэртэй мэдэгдэл нийтлэгдсэн байна. Үүнд Руденког тус улсын гадаад хэргийн сайд Чинь Гантай “олон улсын болон бүс нутгийн санаа зовоосон асуудлуудыг хэлэлцсэн” гэжээ.
ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд сайд нарын Бээжинд болсон уулзалтын үеэр Хятадын эрх баригчид улс орныхоо дотоод нөхцөл байдлыг тогтворжуулах ерөнхийлөгч Путиний үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлснийг сайшаасан байна.
“Хятадын тал зургаадугаар сарын 24-ний үйл явдалтай холбогдуулан улс орны дотоод нөхцөл байдлыг тогтворжуулах ОХУ-ын удирдлагын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Оросын эв нэгдэл, цаашдын хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа дахин нотлов” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.