АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын удирдагч Ши Жиньпинийг дарангуйлагч гэж хэлсний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариу мэдэгдэл гаргажээ. Байдены өнгөрсөн мягмар гарагийн орой Калифорнид болсон хандивын арга хэмжээнд оролцож, энэ оны эхээр Хятадын тагнуулын бөмбөлгийг устгасанд Ши ичиж байна хэмээгээд "Ши Жиньпин намайг тагнуулын хэрэгслээр дүүрэн тэр бөмбөлгийг буудаж унагахад маш их бухимдсан. Учир нь, тэр бөмбөлөг тэнд байгааг мэдээгүй байсан. Энэ бол дарангуйлагчдын хувьд маш ичгүүртэй зүйл” хэмээсэн.
Харин БНХАУ-ын зүгээс Байдены уг мэдэгдэлтэй холбогдуулан “Баримттай бүрэн харшилж, дипломат протоколыг ноцтой зөрчиж, Хятадын улс төрийн нэр төрд ноцтой халдлаа” гэжээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр “Энэ бол улс төрийн өдөөн хатгалга. Хятад улс эрс дургүйцэж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. АНУ-ын мэдэгдэл нь туйлын утгагүй бөгөөд хариуцлагагүй юм. АНУ үүнийг тайван, мэргэжлийн байдлаар шийдвэрлэх ёстой байсан” хэмээсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Хятадтай харилцаагаа тогтворжуулах зорилгоор Бээжинд айлчилсны дараа Байден уг тайлбарыг хийсэн юм. Хоёрдугаар сард хийхээр төлөвлөж байсан Блинкений аялал өмнө нь Хятадын тагнуулын бөмбөлөгтэй холбоотой хэргийн улмаас хойшлогдсон.