Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
2022/10/31

Улаанбаатар-Дархан чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-ны ням гаригт нээлээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн лхагва гаригийн /2022 оны аравдугаар сарын 26/ хуралдаанд танилцуулга хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг үргэлжлүүлж, хариуцлага алдсан албан тушаалтан, компаниудад хариуцлага тооцох ёстойг сануулсан. Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын бүтээн байгуулалт эхэлснээс хойшхи хугацаанд тус зам дээр олон осол гарсан. Зам хугацаандаа ашиглалтад орсон бол, төрийн албан тушаалтнууд хариуцлагатай хандаж ажилласан бол олон арван хүн осолдож, амь насаа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол амсахгүй, улс орон эдийн засгийн алдагдал хүлээхгүй байсан. Тиймээс буруутай этгээдүүдэд заавал хариуцлага оноох ёстой.  Ард иргэдийг удаан хугацааны турш бухимдуулдаг, эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироодог, заавал Ерөнхий сайд ирж ажиллаж, үүрэг даалгавар өгдөг байдал дахиж давтагдах ёсгүйг анхааруулаад Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2023 оны арваннэгдүгээр сард багтааж хоёр урсгал, дөрвөн эгнээгээр нээж, ашиглалтад оруулахыг үүрэг болгосон.

Өвлийн улиралд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээ авахыг сануулсан. Мөн  Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд өнгөн хучилтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг яаралтай зарлан, дүгнэх, 2023 оны хоёрдугаар сард багтаан гэрээнд гарын үсэг зурж, бэлтгэл ажлыг хангуулах, гүйцэтгэгч нарын гэрээг дүгнэх, ажлын хоцрогдол ихтэй гүйцэтгэгчдийн  гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, цаашид ажиллах боломжгүй гүйцэтгэгчдийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.



Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404