ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА
2022/10/13

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сарын 12-нд Берлин хотод төвтэй Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзав.
            Уулзалтаар талууд Транспэрэнси Интернэшнл байгууллагын шугамаарх хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахаар хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй ажлуудаас танилцууллаа. Тухайлбал, Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн тухай, төрийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн өмчит компаниудын шинэчлэл, Хөгжлийн банкны эргэн төлөлт, авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангаруулж байгаа тухай, төсвийн ил тод байдлыг хангаж байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өгөв.


Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс Авлигын төсөөллийн индексийг ахиулахын тулд хүний эрхийг дээдлэх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах нь чухал гэдгийг онцолж байв.
Авлигатай тэмцэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл болох авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажлын нэг чухал үзүүлэлт нь учирсан хохирлыг нөхөн төлүүлэх явдал юм. Монгол Улсын хувьд хөрөнгө хураах, битүүмжлэх, гадагш гаргасан хөрөнгийг буцаан авах чиглэлийн ажлыг идэвхжүүлснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн хэмжээ эрс нэмэгдсэн. Тодруулбал, 2020 онд 12.7 сая ам доллар, 2021 онд 33.8 сая ам доллар, 2022 оны есдүгээр сарын 28-ны байдлаар 777.4 сая ам долларын хохирлыг нөхөн төлүүлээд байна.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар Транспэрэнси Интернэшнл байгууллагатай хамтран хүний эрх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404