Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо
2022/09/06

Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо
 
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд  Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд даалгав.

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа.
-Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн зохион байгуулахыг үүрэг болголоо. Ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ өөрчлөлтийг тусгана.
-Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг Үндэсний зарим хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулахаар боллоо.
-2023 оны Улсын төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний саналыг тусгаж УИХ-д өргөн барихыг үүрэг болголоо.

2016 оны тооллогын дүнтэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61 мянгаар нэмэгджээ
 
“Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу Аж ахуйн нэгжийн долоо дахь удаагийн ээлжит тооллогыг 2021 оны 11-12 дугаар сард анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Энэ удаагийн ээлжит тооллогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны чиглэл, байршил, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, бизнесийн төлөв байдал, хандлагыг судлахаас гадна тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд шаардлагатай үзүүлэлтүүдийг бий болгосноороо онцлогтой байлаа.
Тооллогод 180 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан нь өмнөх 2016 оны тооллогын дүнгээс аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61.3 мянга (51.7%)-аар нэмэгдсэн байна. Тооллогод хамрагдсан, сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж (105.5 мянга)-ийн 14.1% (14.9 мянга) нь татан буугдах хүсэлтэй байна.
Танилцуулгатай холбогдуулан Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллогын үр дүнг олон нийтэд мэдээлэх, тооллогын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох газарт хүргүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагаас төрийн байгууллагуудад тайлагнадаг статистик, бүртгэл, татвар, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг нэгтгэх, уялдуулах талаар холбогдох арга хэмжээ авах, аж ахуйн нэгж, байгууллагын нэгдсэн мэдээллийн сан үүсгэн судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого боловсруулалтыг хөгжүүлэхэд ашиглах боломжийг бүрдүүлэхийг хуралдаанаас даалгалаа.
Статистикийн тухай хуулийн дагуу таван жил тутамд аж ахуйн нэгжийн тооллогыг зохион байгуулдаг байна.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404