Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2022/06/28

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Элчин сайд Ё.Розенберг ХБНГУ-ын Холбооны Канцлер О.Шольцийн захидлыг Ерөнхий сайдад гардуулж, ХБНГУ Монгол Улстай Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болсныг мэдэгдлээ.

Цар тахлын амаргүй цаг үед ХБНГУ-аас Монгол Улсад зөөврийн амьсгалын аппарат зэрэг нэг сая гаруй еврогийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивласанд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн Холбооны Засгийн газрын шийдвэрт талархаж байгааг Холбооны Канцлерт уламжилж өгөхийг хүслээ.

Монгол Улс гуравдагч хөрш, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл өндөр байна. Цаашид ХБНГУ-тай харилцааны түвшингээ шат ахиулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохионо. Ойг тохиолдуулан хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол, Германы археологичдын 20 гаруй жилийн хамтын ажиллагаа, Хархорум судлалд гарсан сүүлийн үеийн ололт амжилтыг товчоолсон “Хархорум” бүтээлийг Ерөнхий сайдад дурсгалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404