Бразилын зүүн хойд Амазон мөрний ойролцоо Атлантын далайн Маражо арлын эргээс 15 метр зайд хуурай газраас найман метрийн урттай 6 метрийн өргөнтэй бөгтөр халим олджээ.
Бичо Дагуа ТББ-ын эрдэмтэд Маражо арал дээр ажиллаж байгаа аж. Уг бөгтөр халим нь нэг настай зулзаган халим гэдгийг тогтоосон ба эрдэмтдийг очиход халим аль хэдийн үхсэн байжээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар халим далайн хүчтэй түрлэгээр энд шидэгдсэн байх магадлалтай хэмээн мэдээлсэн ч Бразилын Хотын Эрүүл Мэндийн хэрэг эрхлэх газрын судалгаагаар халим энд байгаа шалтгаан нь өвлийн улиралтай хамааралтай байж магадгүй талаар мэдэгдээд байна. Амазон мужид халим хуурай газраас олдож байгаа анхны тохиолдол биш ажээ. 2007 онд 5,5 метр урттай халим Атлантын далайгаас 1600 км зайд орших Бразилын элсэн арлуудын ойролцоох Сантаремагаас олдож байсан байна.