Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
2022/05/28

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022-05-27/ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн хүндрэлтэй байдал, бодит шалтгаан, үүнийг даван туулах зорилгоор Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
 
Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэхдээ Өмнөговь аймагт удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтууд, эрчим хүчний салбарт эхлүүлэх Тавантолгой цахилгаан станц, мөн Оюу толгой, Таван толгойн ордуудын ашигт малтмалын экспортын тээврийн гол боомтуудын өнөөгийн явцыг дурдаад аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн ач холбогдол, иргэдэд хүрэх үр өгөөжийг онцолж ярилаа.


 
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойрын 4-5 жилийн хугацаанд үр дүн гарч эхэлнэ. Орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал гэлээ. Өмнөговь аймгийн хувьд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг. Үүний гол хэсэг нь уул уурхай, түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ, хилийн боомтуудыг түшиглэсэн авто болон төмөр замын тээврийн салбартай шууд холбоотой байдаг. Оюу толгой, Таван толгой чухал ч гэсэн оюунтай толгой Монгол Улсад илүү хэрэгтэй.  Хамгийн түрүүнд иргэнээ бодсон бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцлов.
 
Уулзалтын төгсгөлд Өмнөговь аймгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлын талаар иргэдийн санал, хүсэлт нэг бүрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.


 
Тухайлбал, үг хэлсэн 70 орчим иргэний зүгээс Өмнөговь аймагт уул уурхайн лиценз нэмж олгохгүй байх, усны нөөцийн асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг сайжруулах, аймгийн хэмжээнд хавдар, шүдний өвчлөл иргэдийн дунд их байгаа. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто замын засварыг чанартай хийлгэх, нүүрсний шороон замын тээврийг зогсоох ёстой,  Өмнөговь аймагт ч МАНАН бүлэглэл бий болж "Нүүрс" нам байгуулаад удаж байгаа зэрэг асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа.
Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан дэл уулын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны тогтоолыг түдгэлзүүлж, асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаа мэдэгдлээ.
 
Түүнчлэн Өмнөговь аймагт тулгамдсан асуудлуудыг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлж,  хамгийн олон санал авсан Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар, Даланзадгад суманд ДЦС барих ажлын зураг, төсвийн зардал болон Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын эхний 80 км-ыг хатуу хучилттай болгох хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах, Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулах, аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй 4С болгох зэрэг 12 томоохон асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404