Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа
2022/04/09

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд боллоо. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцууллаа. Тэрбээр,

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэж буй ардчилсан Монгол Улсын эрхэм иргэд, оюутан залуучууд аа

Та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараахь хариуг хүргүүлж байна.

1.Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна.

Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсч буй шатахуун, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж, мөнгөний болон сангийн бодлого уялдах эрх зүйн орчин бүрдэнэ.

2. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд оролцож, жагсаал цуглаанаас шалтгаалж саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан талаар мэдээлэл өгсөн болно.

3. Авилга, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Мөн Та бүхний шаардсан шаардлагыг Авилгатай тэмцэх газар шалгах талаар Авилгын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүд энэ хуулийн төсөлд багтсан байгаа болно.Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.

4.Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж, суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ.

5.Залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах холбогдох арга хэмжээг авах болно.

6.Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул ирэх долоо хоногт Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас хүргүүлж хариу өгнө.

Засгийн газар дангаар шийдэх боломжгүй асуудлыг Улсын Их Хуралтай хамтран шийдвэрлэх болно. Та бүхний 15 заалт бүхий шаардлагын 11 заалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Жагсаж буй залуучуудаа Та бүхэн нэгдсэн зохион байгуулалтад орж төлөөллөө сонговол Засгийн газар хамтран ажиллахаа дахин илэрхийлье.
Монголчууд эвлэлдэн нэгдэх болгондоо өөдлөн дэвжиж, талцан хуваагдах бүртээ уруудан доройтдог. Иймээс Та бүхнийг эвтэй байхыг хичээнгүйлэн хүсье гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404