“Бээжин хүн” хэмээх хүн сармагчны олдвор
2018/12/14

1921 онд археологичид Бээжин хотын Фаншань дүүргийн Жөүкөүдянь хэмээх газраас эртний хүн сармагчны гавлын болон бусад чулуужсан яс илрүүлж олсон бөгөөд энэ нь дэлхийн археологи, антропологийн шинжлэх ухаанд хосгүй их нээлт болсон юм. Дэлхий дахинд шуугиан тарьсан тэрхүү алдартай олдворыг судлаачид “Бээжин хүн” хэмээн нэрийдсэн бөгөөд харамсалтай нь хачирхалтайгаар гэнэт ор сураггүй алга болсон юм. Бээжин хүн хэмээх хүн сармагчны чулуужсан яс алга болохоос өмнө Бээжингийн Шехэ нэгдсэн эмнэлэгт хадгалагдаж байжээ. Номхон далайн дайн гарахын өмнөхөн, тэрхүү чулуужсан ясыг Бээжинд хадгалах нь баталгаагүй тул Америкт аваачиж хадгалах саналыг эрдэмтэн Вэй Дүньрүй гаргажээ.

Япончууд Сувдан эрэг рүү довтлохоос 2-3 долоон хоногийн өмнө Шехэ эмнэлгийн дарга Бовэнь чулуужсан ясыг хайрцагт савлахыг тушааж, хүн сармагчны толгойн 5 бүхэл, 15 хэлтэрхий, эрүүний 14 хэсэг яс, эгэм, дунд чөмөг, бугалга, шүд зэрэг 147 хэсэг чулуужсан ясыг зөөлөн давуугаар баглаж, гадуур нь эмт хөвөнгөөр ороон, дахин цаас, даавуу, хөвөнгөөр нэмж баглаад, хоёр том модон хайрцагт хийлгэжээ. Түүнийг Америкийн элчин сайдын яаманд зөөвөрлөн аваачиж, Америкийн тэнгисийн цэргийн десантын усан онгоцоор Америк руу хүргэхээр бэлтгэж байв. Гэвч түүнээс хойш дэлхий нийтийн анхаарал татсан тэрхүү туйлын ховор нандин олдвор болох “Бээжин хүн” эртний хүн сармагчны чулуужсан яс хачин жигтэй сураггүй алга болоод одоо хэрнээ олдоогүй байна.

 

Д.Гүнтөмөр

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404