Огт өөр ертөнцийг мэдэрмээр байна уу? Тэгвэл танд Азийн нэгэн “галзуу” хотыг санал болгоё. Токиогийн гудамжинд та юу эсийг үзнэ гээч. Тэнд жинхэнэ амьдрал буцалдаг. Хөгжим, хоол, хүмүүс...Токиогийн гудамж зөвхөн замын хөдөлгөөний урсгал төдийгүй худалдаа наймаа, хүмүүсийн харилцааны гол гүүр нь болжээ.
Гудамж хэмээх энэхүү орон зайд амьдарч, аялж, бас нэгэн өөр ертөнцийг мэдрэе гэвэл та өрөөндөө хорогдолгүй гадагшаа гараад ир,Токиогийн гудамжны хөл хөдөлгөөний нэг хэсэг нь хөгжимчид, дуучид, циркчид, бүжигчид...урлагийн санаанд оромгүй үзүүлбэрүүдийг үзүүлэгч сайн дурын уран сайханчид юм. Тэдний тоглолтыг зорин очдог хүмүүс байхад зөрөн өнгөрөхдөө саатан сонирхдог нь ч байна.
Гудамжны хөгжимчдийг "Busker" гэнэ. "Busking" буюу испани хэлний “хайх” гэдэг үгнээс үүсэлтэй энэ хэллэг сүүлдээ дэлхийгээр хэрэн хэсэж, урлагийн тоглолт үзүүлэн халаасны мөнгө олдог бүлэг хүмүүсийг нэрлэдэг болжээ. Гудамжны ийм уран сайханчид нь бүр Антикийн үеэс л үүсэлтэй гэдэг. Хүмүүст сонирхолтой санагдаж болох юу л байна, тэр бүгдийг тэд үзүүлэхийг зорино.
Акробатик, илбэ шид, хошин зураг, жонглёр, алиалах, онигоо эсвэл түүх домог ярих, бүжиглэх, дуулах, галаар наадах, зөн билэгтэн ирээдүйг зөгнөх, фантомин, хөдөлдөг хөшөөний үзүүлбэр, хөгжмийн тоглолт, хүүхэлдэйн театр, сэлэм эсвэл могойтой үзүүлбэр, гудамжны зураг зурах...гэх мэт.